Experimental Economics Mongolia ————- Туршилтын Эдийн Засаг Монголд

Home » Судалгаа » Авлига

Авлига


Төрийн албан хаагч хувийн сонирхолоо олон нийтийн сонирхлын дээгүүр тавьсан бол авлига мөн. Төрийн албан хаагч албан тушаалаа ашиглан өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлсэн эсвэл өөрийн сонирхлын бүлэгт давуу тал олгосон бол авлига мөн. Төрийн бодлого боловсруулагч мөнгөн болон мөнгөн бус шан харамж өгсөн эсвэл өгөх амлалт авч түүний хариуд улс төрийн дэмжлэг хүссэн бол авлига мөн.

honesty

Авлигыг үгүй болгоход боловсрол, ардчилал (ил тод байдал, хариуцлагатай тайлагнал), хуулийн тогтолцоо, чөлөөт хэвлэл мэдээлэл зэрэгт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

Авлига судлах арга зүй

Авлига дараахь түгээмэл шинжтэй. Нэгдугээрт, төрийн албан хаагч хувийн ашиг орлогооо нэмэгдүүлэх зорилгоор дүрэм журам зөрчихөд хүргэдэг. Хоёрдугаарт, авлига нь хаалттай хаалганы цаана болдог. Авлига нь хууль бус үйл ажиллагаа нөгөө талаас нууц байдлаар хэрэгждэг учир түүнийг хэмжихэд төвөгтэй байдаг хэдий ч сүүлийн хорин жилд авлигыг тоон хэлбэрт оруулах эмпирик судалгаа хийгдсээр ирсэн ба өнөөг хүртэл авлигыг хэмжих түгээмэл арга гэвэл иргэд болон бизнес эрхлэгчдээс санал асуулга авах эсвэл экспэрт хүний үнэлгээнээс авлигын индекс тооцох юм. Мауро (1995) авлига болон эдийн засгийн өсөлтийн харилцан хамаарлыг олон улсын тоон мэдээ ашиглан регрессийн аргаар хэмжсэн бол түүнээс хойши олон судлаачид улс орны авлигын индекс болон эдийн засгийн, улс төрийн, нийгэм соёлын бусад үзүүлэлт хоорондын хамаарлыг илрүүлжээ. Эдгээр судалгаа нь авлига болон улс гүрний бусад үзүүлэлтийн хоорон дахь хамааарлыг харуулсан ач холбогдолтой хэдий ч авлигын индексийг тооцохдоо авлигыг хувь хүний үзэл бодлоор хэмжиж байгаа утгаар учир дутагдалтай ба бодит мэдээг ашигласан тохиолдолд шалтгаан үр дагаврын үр нөлөөг тодорхойлоход түвэгтэй байдаг тул эндоженеити асуудал үүсдэг юм.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд авлигын судалгаанд туршилтын аргыг хэрэглэж эхэлснээр дээрхи судалгаануудад илэрч байсан хэмжилтийн асуудал болон эндоженеити асуудлыг шийдэх боломж олдсон юм. Туршилтын судалгаа нь авлига яагаад бий болдог, авлигад өртсөн хувь хүний шийдвэрт мөнгөн болон мөнгөн бус урамшууллын үр нөлөөг ойлгоход дорвитой ахиц гаргасан.

 

Авлигын тухай лабораторын туршилтын үр дүн

Эдийн засгийн туршилтыг лабораторын, хээрийн, натурал туршилт гэж ерөнхийдөө гурав ангилах ба авлигыг судлахад дээрхи гурван төрлийн туршилтыг бүгдийг ашигласан байна. Жишээлбэл 2000 оны эхээр Frank ба Schul ze (2000), Abbink, Irlenbusch, ба Renner (2002) нар авлигын тухай лабораторын анхны туршилт хийсэн. Үүнээс хойши авлигын олон туршилт хийсэн ба эдгээр лабораторын туршилтууд нь хяналттай орчинд авлигад өртөх нөхцөлийг үүсгэн хувь хүний авлигад өртөх дур сонирхолд мөнгөн болон мөнгөн бус урамшууллын үр нөлөөг судалдаг юм. Лабораторын туршилт нь хяналттай орчинд шалтгаан үр дагаварыг тодорхойлох боломжийг бүрдүүлдэгээс гадна урамшууллын тодорхой орчинд хувь хүний авлигад орох сонирхлыг шууд хэмжих боломжийг олгодог давуу талтай юм. Үүнээс гадна лабораторын туршилтаар авлигад нөлөөлөх боломжит хүчин зүйлсийг судлан эдгээр дотор хээрийн судалгаагаар хэмжих эсвэл залж удирдах боломжгүй дотоод сэдэл ба нийгмийн хэв журмыг судлах боломж олдоно.
Chaudhuri (2012) авлигад орох сонирхолд хүйсний ялгааг судалсан лабораторын туршилтуудыг хурангуйлан үзээд эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй харьцуулахад авлигад бага буюу адил тэнцүү хэмжээгээр өртөх сонирхолтой гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн авлигад илүү автагддаг гэсэн лабораторын туршилтын баримт хомс юм. Судлаачид эмэгтэй болон эрэгтэй хүний авлигын зан үйлд ялгаа гарах хүчин зүйл буюу эрсдэлээс зайлхийх, өөр хүний үйлдэлд хариу барих сонирхол зэргийг судалсан байна. Энэхүү хүйсний ялгавартай зан үйлийн ялгаа нь голдуу хөгжилтэй оронд явуулсан судалгаанд ажиглагдсан гэж Chaudhuri онцолсон байна.Тэгэхлээр авлигын туршилтыг буурай хөгжилтэй орнуудад хийж туршилтанд оролцогчдын шинж болон хүйсний ялгаа авлигад өртөх сонирхолд хэрхэн нөлөөлж байгааг судлах шаардлага байна.
Banuri ба Eckel (2012) нар авлига болон соёлын харилцан хамаарлыг судалсан лабораторын туршилтуудыг хураангуйлан үзжээ. Хоёр ба түүнээс дээш улсад явуулсан нэгэн туршилтыг эсвэл олон орноос гаралтай оролцогчтой нэг улсад гүйцэтгэсэн туршилтыг харьцуулахад Ил тод байдлын Олон улсын Индексээр хэмжисэн авлигын түвшин харилцан адилгүй байв. Sheheryar Banuri ба Catherine Eckel нар авлигын харилцан адил бус үр дүнг туршилтын дизайны ялгаатай талаас илрүүлэх ородлого хийсэн байна. Мөн авлигын сонирхол нь тухайн хүний улс оронд ноёрхдог соёлоос-өөрөөр хэлбэл хамтын хэм хэмжээ, үнэт зүйлс, хандлага- хамаааралтай эсэхийг тогтоохыг хичээсэн. Хээрийн туршилтаар эсвэл бодит мэдээнд тулгуурлан эдгээрийг судлахад хүндрэлтэй байдаг.
Abbink ба Serra (2002) авлигыг бууруулах бодлогын ач холбогдолтой лабораторын туршилтуудыг хураангуйлан судлажээ. Жишээлбэл хувь хүний мөнгөн орлого эсвэл дотоод сэдэл эсвэл институцийн нөхцөл байдалд нөлөөлөх авлигын эсрэг арга хэмжээг агуулсан туршилтуудыг харахад авлигыг илрүүлэх магадлал маш бага байсан ч авлигад өртсөн албан тушаалтанд хатуу шийтгэл оногдуулах, шийдвэр гаргалтын ил тод байдлыг хангах, авлигад өртөж болзошгүй хүнийг монитордох даалгавар авсан этгээдийн тайлагналыг бий болгох, өршөөл үзүүлэх боломжит шүгэл үлээх тогтолцоог нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын ажлын байранд ээлж солиог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээнд зуучлагчийг ашиглахыг хорих зэрэг бодлого нь үр дүнтэй байжээ. Авлигын эсрэг бодлогын арга хэмжээ нь үнэт зүйлс өөрчлөх эсвэл шан харамж өөрчлөхөд чиглэсэн гэдгээс хамааран харилцан адилгүй үр дүнтэй байна.
Armantier ба Boly (2012) авлигыг судалсан лабораторын туршилтын үр дүнг лабораторын гаднаахи орчинд үүсдэг авлигын зан үйлийг таамаглахад ашиглаж болох эсэх талаар хүүрнэжээ. Өөрөөр хэлбэл лабораторын туршилтын үр дүн хүчин төгөлдөр болох эсэх талаар дөрвөн төрлийн туршилтын (оюутан оролцогчтой сонгодог лабораторын туршилт, хээрийн нөхцөл илүү шингээсэн туршилтууд буюу оюутнаас бусад төрлийн оролцогчтой “artefactual’’ туршилт, “framed’’ туршилт, натурал туршилт) үр дүнг харьцуулж үзэхэд авлигын түвшин ялгаатай байсан нь оролцогчдын хүн ам зүйн ялгаанаас (нас, шашин шүтлэг, соёл г.м.) үүдэлтэй байжээ. Мөн туршилтын горимын үр нөлөө буюу чиглэл нь туршилтын төрлөөс үл хамааран адилхан гарчээ. Лабораторын орчинд хийсэн авлигын туршилтыг бусад туршилтаар орлуулж болох эсэх талаар судлах зорилгоор тухайлан хийсэн туршилтыг харахад лабораторт олсон туршилтын үр дүн хээрийн туршилтаар олсон үр дүнгээс ялгаагүй гарсан юм (лабораторын болон хээрийн гэсэн хоёр туршилтын ихэнхи горимын чиглэл ба үр нөлөөний цар хэмжээ оролцогчдын шинж чанарын ялгааг арилгасан байхад статистикийн хувьд адилхан байв).

 

Авлигын тухай хээрийн болон натурал туршилтын үр дүн

“Field ” буюу хээрийн туршилт гэдэгт санамсаргүй байдлаар судалгааны нэгжийг (хувь хүн, тосгон, сургууль гм) туршилтын горим эсвэл контрол горимын бүлэгт багтааж хоёр бүлгийн үр дүнг харьцуулах байдлаар горимын үр нөлөөг илрүүлэх зорилготой судалгааг хэлнэ. Хээрийн туршилтыг бодит нөхцөлд хэрэглжүүлдэг тул оролцогч туршилтын судлагааны нэгж гэдгээ мэдэхгүй юм. “Natural” туршилт нь бодит орчинд гарч буй өөрчлөлтийг ашиглан хоёр өөр орчинд хамрагдсан бүлгүүдийн үр дүнг харьцуулан судалдаг. Энэ тохиолдолд судлаач амьдралын бодит орчинг өөрчлөх боломж байхгүй, тодорхой бүлгийг аль нэгэн орчинд хамруулах эрх байхгүй ч хоёр өөр орчин буюу горимын нөлөөг хэмжих бололцоотой байдаг. Лаборатороос гаран хээрийн эсвэл натурал туршилт хийхэд хяналтын орчин сулрах ба авлигад орох сонирхлыг шууд хэмжих боломж алга болох сул талтай юм. Нөгөөтэйгүүр оролцогчийн шийдвэр бодит орчинд гарч буй утгаар туршилтын орчин хяналтгүй болж судалгааны үр дүн хүчин төгөлдөр гэхэд эргэлзээ төрнө. Сүүлийн арван жилд хээрийн туршилтыг хөгжлийн эдийн засаг болон улс төрийн зан үйлийн судалгаанд түлхүү ашиглан иржээ.
Хээрийн судалгаанд авлигыг хэмжихэд судлаачид санал асуулга ашиглах, мэдээний хоёр эх үүсвэрт гарч байгаа зөрүүг хэмжих, албан мэдээ онолын загварын таамаглал буюу зах зээлийн тэнцвэрийн нөхцөлөөс хэр зэрэг зөрж байгаагаар хэмжих, хахуульд өгч буй мөнгөн дүнг шууд хэмжих аргуудыг ашигласан байна. Gallego ба Wantchek (2012) нар Бэнин, Сао Томэ ба Пренсипэ, Никарагуа, Нигер ба Энэтхэг гэх газруудад явуулсан хээрийн туршилтаар сонгуульд оролцогчид тал засах (“clientelism’’)  ба санал худалдан авах (“vote-buying’’) хэмээх зүйл нь сонгуульд ялах үр дүнтэй арга мөн эсэхийг, засгийн эрхэнд байгаа нэр дэвшигч эсвэл шинээр гарч ирж буй нэр дэвшигч эдгээр арга хэрэгслийг түлхүү ашиглаж байгаа эсэхийг, эдгээр арга хэрэгслийг ашиглах хязгаар зэргийг судалжээ.
Winters, Testa ба Fredrickson (2012) нар хээрийн туршилтуудыг нэгтгэн үзэхдээ мэдээлэл авах боломж болон авлигын хамаарлыг судлажээ. Эдгээр судлаачид хүнд суртлын авлига нөгөө талаас улс төрийн авлига гэж ялган салгаж хүнд суртлын авлигын тухайд баримт хомс ба харин улс төрийн авлигын туршилтуудаар дарах зүйл ажиглагджээ. Үүнд: (i) сонгуульд оролцогчдод нэр дэвшигчийн авсан авлигын тухай мэдээллээр хангахад ирцийн түвшин буурдаг гэхдээ авлигад өртсөн нэр дэвшигчид өгсөн саналын тоо бага байх албагүй байна, (ii) сонгуульд оролцогчдод “маапаан байхгүй улс төрчийн’’ төлөө саналаа өгөх ач холбогдлын тухай мэдээллээр хангахад сонгогчийн зан үйлд өөрчлөлт гараагүй, (iii) сонгуульд оролцогчдод “vote-buying’’ буюу санал худалдан авах оролдлогоос татгалзах ач холбогдлын тухай мэдээллээр хангахад санал худалдан авалт буурдаг.
Hollyer (2012) туршилтаар гарсан дээрээс доошоо болон ёроолоос дээшээ чиглэсэн авлигатай тэмцэх арга хэмжээний үр дүнг авч үзэн хоёр арга хоёулаа зарим нөхцөлд амжилттай хэрэгжих боломжтой харин өөр нөхцөлд хэрэгжихгүй байх тухай хэлэлцээд үүнд юу нөлөөлж байгааг судлан улс төрийн институцийн зуучлах үүргийг онцгойлон үзэв.
Lambsdorff (2012) зан үйлийн эдийн засаг болон туршилтын эдийн засаг хоёр авлигын эсрэг судалгаанд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд эерэг болон сөрөг хариу үйлдэл хийх хэм хэмжээ (positive and negative reciprocity) нь бага ч болов утгаар дээд түвшингийн түшмэл ба доод түвшингийн түшмэлийн хоорон дахь (авлигад автсан эсвэл шударга) харилцааг мөн үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ хүлээн авагч хоорондын харилцааг тайлбарлаж чадна гэжээ.


 


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: